Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан “Үндсэний бөх”-ийн барилдаан 2025.01.13 өдөр 10 цагт Спорт цогцолборт зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монгол Улсын VIII эзэн Богд жавзандамба хутагт мөнх бусыг үзүүлсний дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хууль 1924 оны 11-р сарын 26-ны өдрийн 16 цаг, 17 минутад баталсан. Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласанаараа түүхэн онцлогтой үйл явдал болсон юм. Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон үйл явдлууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940 оны 6 дугаар сарын 30-нд, 1960 оны 7 дугаар сарын 6-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг.
Үндсэн хуулиа монголчууд “Эцэг хууль”, “Эх хууль” гэж бас нэрлэдэг.