Сумын тухай

Монгол улсын засаг захиргааны хуваарь, зохион байгуулалтаар Ерөө сум 1924 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн “Бэлчир” гэдэг газар Галттай нэртэйгээр 240 өрх, 2039 хүн амтай засаг захиргааны анхны нэгж болон байгуулагдаж, сумын төвийг 1925 онд Карников тосгонд, 1953 онд одоогийн Тавинд шилжүүлж, Монгол Улсын төр засгийн шийдвэрээр тус сумаас 1971 онд Хүдэр, 1976 онд Жавхлант  сумыг бие даасан засаг захиргааны нэгж болгон салгасан түүхтэй.

Өнөөгийн Ерөө сум нь 820.3 мянган га нутаг дэвсгэртэй. Зүүн өмнөд талаараа Хэнтий аймгийн Батширээт, Төв аймгийн Мөнгөн морьт, Эрдэнэ, өмнө талаараа өөрийн аймгийн Мандал, Дархан-Уул аймгийн Хонгор сум, баруун өмнөд талаараа Жавхлант, хойд талаараа Алтанбулаг, Хүдэр сумдтай, зүүн талаараа ОХУ-тай хиллэж, Улаанбаатар хотоос 320км, аймгийн төвөөс 86км, Дархан-уул аймгаас 84км, Төмөр замын Дулаанхаан (Ерөө) өртөөнөөс 45км, Хүдэр сумаас 78км, Жавхлант сумаас 45км, Бугант тосгоноос 76км-т орших бөгөөд авто машины засмал зам, төмөр замын Дулаанхаан өртөөнөөс БТЕГол компанийн Хандгайт өртөө хүртэл 117 км төмөр замтай, гадаад дотоодын арилжаа худалдаа, хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэл эрхлэх бүрэн боломжтой, Дархан-уул аймгаас 110 квт-ын өндөр хүчдэлийн шугамаар тэжээгддэг дэд бүтэц сайн хөгжсөн нутаг юм.

Засаг захиргааны нэгж болох Тавин, Буурагчин, Бугант гэсэн гурван багт 2046 өрхийн 7257 хүн ам амьдардаг бөгөөд хүн амын дийлэнх буюу 86 хувийг хүүхэд, залуучууд эзэлж байна.

Төр, төсвийн 12 байгууллага, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нэг мөн Хаан банк,Төрийн банк, Ахмадын хороо, ШТС, МЦХ-ны, Цаг уур, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ТӨК зэрэг байгууллагууд соёлын болон бусад үйлчилгээг үзүүлж, ерөнхий боловсролын 2 сургуульд 1447 хүүхэд, хоёр цэцэрлэгт 544 хүүхэд хүмүүждэг.

 Нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг ой мод, 20 хувийг бэлчээр, 3 хувийг хадлангийн талбай эзэлдэг. Ерөө голын эх болох Ичлэг, Шарлан, Ерөө, Минж, Хатанц, Бүхлэй, Бугат, Бэрлэг, Ялбагийн голууд, Хандгайт, Баянгол, Шаазгайт зэрэг булаг шандуудтай, Минж, Ерөөгийн халуун, Хотхоон, Баянгол зэрэг хүйтэн рашаануудтай, Буурагчин, Баяшинт, Майн, Сант, Хийдгэн, Хотхоон зэрэг өндөр уулуудтай. Хөрсөндөө алт, зэс, төмрийн хүдэр, оюу, гянт болд, шохойн болон шөрмөсөн чулууны баялагтай байгалийн үзэсгэлэнт нутаг билээ.

Хүйтний голын хадан бичээс, Бүхлэйн хүн чулуу, Ялбагийн чулуун хөшөө, Дарь эхийн сүм, Далангийн дуган, Ходоодын хийд, Хадны ламын дуган, Гүн толгойн бурхан шатаах газар, Нийслэлийн буурь зэрэг дурсгалын газар олон бий.

Газар тариалангийн 23,6 мянган га эргэлтийн талбайтай. Их шинэстэй ХХК, Ачит-Оргил ХХК, Моностойн нуруу, Хандгайт-Уул ХХК, ДООЛТ ХХК, Шинэ тариа ХХК, Ачит Буурагчин ХХК зэрэг 17 аж ахуйн нэгж, 13 иргэн жилд дунджаар 11-12 мянган га-д үр тариа, 338 өрх 140 га-д төмс хүнсний ногоо тариалж га-аас дунджаар 12 цн, үр тариа 1 га талбайгаас 16-18 цн хураан авч байна. Сумын хэмжээнд 291 малчин, 450 мал бүхий иргэн 93390 толгой мал тоолуулж эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчид 5 хувь, уламжлалт мал аж ахуй 95 хувийг эзэлж ерөө үүлдрийн хэсэг, баяд, суффолк үүлдрийн хонь, Сэлэнгэ, Казакын цагаан толгойт, Лимүзин, Ангус, Герефорд үүлдрийн үхэр сүргийг өсгөн үржүүлж байна.

Ерөө сумын ойн сангийн нийт талбай 677531 га талбай, үүний 96.1 хувь буюу 650943 га талбайг ойн талбай, 3.9 хувь буюу 26588 га талбайд ойн бус талбай эзэлж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, сөөг, таримал ойгоос бүрдэнэ. Сумын ашиглалтын бүсийн ойн санг 36 аж ахуйн нэгж 217556 га талбайг, 21 ойн нөхөрлөл 87745 га талбайг тус тус гэрээгээр эзэмшиж, ашиглаж байна.

Жилдээ 20000м3-30000м3 хэрэглээний нарс, шинэс, хус мод бэлтгэж Улаанбаатар, Дархан-уул аймаг болон бусад аймгуудын хэрэгцээг хангаж Сэлэнгэ аймгийн Баянгол, Жавхлант, Шаамар, Сүхбаатар сумдын түлээний модны хэрэгцээг ханган ажиллаж байна.

Монгол Улсын төмөрлөгийн томоохон үйлдвэрлэгч “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-н тус сумын Буурагчин багийн нутаг дэвсгэр Баянгол хэсэгт үйл ажиллагаагаа явуулж жилдээ 3 сая тонн төмрийн хүдэр олборлож байна.

© 2024 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency