Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эзэнгүй орхигдсон 8,000 га газрыг 2020-2024 онд нөхөн сэргээх үүргийг өгч байжээ. Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Нарийны ам хэмээх газарт ажиллаж, тухайн үед өгч байсан үүрэг, даалгаврынхаа хэрэгжилтийн явцыг шалгалаа.

2024-10-19
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар болон бусад холбогдох албаныхан уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээсэн үйл явцтай танилцлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эзэнгүй орхигдсон 8,000 га газрыг 2020-2024 онд нөхөн сэргээх үүргийг өгч байжээ. Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Нарийны ам хэмээх газарт ажиллаж, тухайн үед өгч байсан үүрэг, даалгаврынхаа хэрэгжилтийн явцыг шалгалаа.
Улсын хэмжээнд 2012 оны уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын тооллогын дүнгээр 4,320 га талбай байсан бол БОАЖЯ-аас улсын хэмжээнд 2020 онд улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогыг дахин зохион байгуулсан бөгөөд тооллогын дүнгээр нийт улсын хэмжээнд нийт 30,790 га эвдрэлд орсон, түүнээс уул уурхайн ашиглалтын улмаас 28,940 га газар эвдэгдсэн ба үүнээс нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай орхигдсон талбайн хэмжээ 8,000 га байгааг тогтоож нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 938 тусгай зөвшөөрлийг цуцлан, эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээхийг салбарын яам, ажилтнуудад үүрэг болгож байсан юм.
Тухайлбал:
✅️Улсын хэмжээнд 2020 онд зохион байгуулсан эвдэрсэн газрын тооллогын үр дүнд суурилан БОАЖЯ-аас Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дугаар хэсгийн 5.1.8-д “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8 мянган га талбайг нөхөн сэргээнэ.” гэсэн зорилтыг тусгасан.
✅️ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус яамны үйл ажиллагаатай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр танилцаж, алба хаагчидтай хийсэн уулзалтын үеэр уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх талаар үүрэг даалгавар өгсөн.
✅️Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны 64 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалтаар “Ашигт малтмал хууль бусаар олборлохтой тэмцэх, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасан.
БОАЖЯ-аас Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 167, А/698, А/336, А/242 тоот “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” хамтарсан тушаалыг хамтарсан тушаалыг боловсруулан батлуулж “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийг хангаж эхэлсэн байна.
Нөхөн сэргээлтийг эрчимжүүлж ажилласаны дүнд 2020, 2021, 2022, 2023 онд нийт 9773 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2549 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлсэн байна. Зөвхөн 2023 онд гэхэд 3488 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 463.7 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгүүлсэн байна.
Манай улсын хувьд 2020 оноос өмнө улсын хэмжээнд жилдээ хийгддэг нөхөн сэргээлтийн хэмжээ 1,000 хүрэхгүй га талбайд нөхөн сэргээлт хийж байсан бол 2020 оноос хойш жил бүр 2,000 га-аас дээш талбайг нөхөн сэргээжээ.
Өөрөөр хэлбэл 2018 онд түүхэндээ хамгийн их буюу 912 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байсан бол 2020 онд 1973 га, 2021 онд 2,123 га, 2022 онд 2,189 га, 2023 онд 3,488 га талбайг тус тус нөхөн сэргээсэн байна.
БОУАӨЯ-аас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлахдаа эвдэрч, эзэнгүй орхигдсон газруудад техникийн нөхөн сэргээлт хийх талаар тусгаж байсан нь үр дүнгээ өгчээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын болон биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 2021-2024 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгийн эвдрэлд орсон 2,000 гаруй га талбайг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж байна.
Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022-2023 онд 1,230 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2024 онд 777 га талбайн 480 га-г нь нөхөн сэргээгээд байна.
Мөн “Оюу толгой” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалтынхаа хүрээнд дүйцүүлэх хэлбэрээр нийт 615 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж актаар хүлээлгэн өгсөн байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га талбайг, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт эвдрэлд орсон 215 га талбайг нөхөн сэргээсэн байна.
Цаашид анхаарах дараах асуудлууд байна.
Үүнд:
• 2020-2024 онд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн газруудад хийх биологийн нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, хөрс сайжруулах, бордоо хэрэглүүлэх, байгалийн бүс бүслүүр бүрээр биологийн нөхөн сэргээлтэд тарих ургамлын төрөл зүйлийг тодорхой зааж шинэчлэн батлуулсан MNS5918:2023 Эвдэрсэн газрыг ургамалжуулах техникийн ерөнхий шаардлага стандартын хэрэгжилтийг сайжруулах;
• Ойн сан, усан сан, биологийн олон янз байдал бүхий онцгой ач холбогдолтой газар нутагт хууль бус уул уурхай, бичил уурхайн улмаас эвдрэлд орсон газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж, ойжуулах;
• “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Уул уурхайн нөхөн сэргээлтийн чанар, хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгана” зорилтын хүрээнд биологийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарах;
• 1980-2010 он хүртэлх хугацаанд алт олборлож байсан, үлдэгдэл нөөцтэй гэх нөхөн сэргээлт хийлгэхгүй байгаа газруудын асуудлыг яаралтай шийдвэрлэж, нөхөн сэргээлт хийлгэх;
• Ашигт малтмалыг хууль бусаар олборлоход ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээсийн болон бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамааран хураан авч улсын орлого болгох, стандарт, технологид нийцэхгүйг нь ашиглуулахгүй байхтай холбогдсон хууль, эрх зүйн зохицуулалт.

© 2024 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency