Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд хоккейн спорт хөгжиж эхлээд 40 гаруй жил болж байна. Бугантын хоккейчид улсдаа дээгүүрт ордог төдийгүй залгамж халаагаа бэлтгэн гаргахад онцгой анхаарч ирсэн давуу талтай. Тиймдээ ч өвөл цагт 2-3 удаагийн тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулсаар тэрхүү тэмцээн уралдаанууд нь тогтмолжжээ. Тэмцээнд оролцогчдын чанар чансаа ч өндөрсөж улсын хэмжээний багууд ирцгээдэг болсон байна. Энэ цаг мөчид Бугант тосгоны Захирагчийн алба, Хоккейн холбоо, Ерөнхий боловсролын сургууль хамтран Монголын хоккейн холбооны 2024 оны “U14 ЦОМЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулж байна. Тэмцээнд Орхон, Дархан, Улаанбаатар, Шарын гол, Бугантын шигшээ багууд өрсөлдөж байгаа юм.