Цөөн үгээр

- Засаг дарга Б.Сэргэлэн, ЗДО Л.Болормаа нар ЭМТөвийн албан хаагчидтай уулзалт хийлээ - Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн цаг авах утас 1800-0119 болж шинэчлэгдлээ - Тамхинаас 5 өдрийн дотор гарах арга

Хоршоо хөгжүүлэх сангийн журам

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 119

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

     1.1.Сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан "Хоршоог хөгжүүлэх сан" /цаашид "Сан" гэх/-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

     1.2.Сан нь Төрийн санд тусгай данстай байх бөгөөд сангийн орлого, зарлагыг энэхүү дансаар дамжуулан гүйцэтгэнэ.

 

     1.3.Сан нь Төрийн сангаас гадуур данстай байхыг  хориглох бөгөөд журмын 1.2-т заасан дансанд хоршоо, иргэн, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээс бусад төрлийн санхүүжилт байршуулахыг хориглоно.

 

     1.4.Сангийн орлого, зарлага нь сумын төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ,  улирал, жилийн тайлан тэнцэлд тусгагдана.

 

1.5.Сангийн хөрөнгө нь суманд хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болон иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, сургалт зохион байгуулах, хяналт тавих, авлага барагдуулах, урамшуулал олгоход  зориулагдана.

 

     1.6.Санд зээлийн хүсэлт ирүүлсэн хоршоо болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч “/цаашид “ЖДҮҮЭ” гэх/ иргэний төсөл /цаашид “төсөл” гэх/-ийг  сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий “төсөл сонгон шалгаруулах хороо” /цаашид “хороо” гэх/, хяналт тавих үүрэг бүхий "хяналтын зөвлөл" тус тус ажиллана.

 

     1.7.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7.1.2, 7.1.6-д заасан үйлчилгээ эрхэлдэг хоршоо, ЖДҮҮЭ, иргэнд Сангаас зээл олгохгүй.

 

ХОЁР. САНГИЙН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭР БҮРДҮҮЛЭЛТ,

ЗАРЦУУЛАЛТ,  ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

 

2.1.Сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

 

2.1.1. Улсын болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;

2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;

2.1.3.сум хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн эргэн    төлөлтийн төлбөр;

2.1.4. сангаас аж ахуйн нэгжид олгосон зээлийн эргэн төлөлтийн төлбөр;

2.1.5. хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүнд ногдуулсан алданги;

2.1.6. бусад;

 

2.2.Санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, хоршоо хөгжсөн байдал, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, зээлийн эргэн төлөлт, ашиглалт, хэрэгцээ шаардлага, орон нутгийн идэвх санаачлага зэргийг харгалзан Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр тогтооно.

 

2.3.Сангийн хөрөнгийг зориулалтын бус, үр ашиггүй зарцуулсан нь энэ журмын 7.1-т заасан зохистой харьцааны шалгуур хангаагүй болон бусад эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон бол Төсөв, санхүүгийн болон Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан шийдвэрээр сангийн хөрөнгийг татан төвлөрүүлэн дахин хуваарилж болно.

 

2.4.Суманд хуваарилагдсан хөрөнгийн эх үүсвэрийг 2.2, 2.3-т заасан эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр татан төвлөрүүлэх, дахин хуваарилахыг хориглоно.

 

2.5.Сангаас хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болон иргэнд олгох хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна:

2.5.1.хөнгөлөлттэй зээлийн хүүгийн хэмжээ жилийн 3 хувь;

            2.5.2.зээлийн хугацаа нь 60 хүртэл сар байна;

           2.5.3.зээлийн эргэн төлөлтийн эхний 12 хүртэлх сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болно;

           2.5.4.сангийн зээлийн эргэн төлөлтийн төлбөр нь сар эсхүл улирал бүр тэнцүү байна.

 

2.6.Зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй бол зээлийн үлдэгдлээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги ногдуулах ба алдангийн хувь хэмжээ, нөхцөлийг сумын Засаг дарга, зээлдэгч нарын хооронд байгуулах гэрээнд заавал тусгана;

 

2.7.Сангаас олгосон зээлийн хүүгийн өмнөх жилийн орлогын 30 хүртэл хувийг хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, иргэнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад, 20 хүртэл хувийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнд хяналт тавих үйл ажиллагаа болон програм хангамжийн зардалд, 10 хүртэл хувийг аймгийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан байгууллагын саналыг харгалзан сумын хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнийг урамшуулахад зориулан хууль тогтоомжид нийцүүлэн зарцуулж болно.

 

2.8.Энэхүү журмын 1.5, 2.7-д зааснаас бусад зориулалтаар сангийн хөрөнгийг сумын төсвийн алдагдал нөхөх, төсөвт байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх, байгалийн гамшгаас учирсан хохирлыг нөхөн төлөх зэргээр зарцуулахыг хориглоно.

 

2.9.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл сонгон шалгаруулахтай холбоотой шимтгэл, хураамж авахыг хориглоно.

 

     2.10.Төсөл сонгон шалгаруулах товыг зээлийн эргэн төлөлт, санхүүжилтийг харгалзан сангийн эх үүсвэрийн 15-аас доошгүй хувийг бүрдүүлсэн тохиолдолд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

 

     2.11.Төсөл хүлээн авах хугацааг тухайн сумын хоршоо, ЖДҮҮЭ, иргэдийн олонход мэдэгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн хугацаанд  цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна.

 

2.12.Төсөл хүлээн авах хугацаа зарлагдахаас бусад үед төсөл хүлээн авахгүй.

 

     2.13.Журмын 6.3-т заасан шаардлагыг хангасан хоршооны хувьд тухайн сумын хамгийн олон гишүүнтэй, үйл ажиллагааны чиглэл давхардаагүй нэг хоршоог тэргүүн ээлжид дэмжинэ.

 

ГУРАВ. САНГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

3.1.Сангийн үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх бөгөөд дараах бүрэн эрхтэй:

 

            3.1.1.Сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг төрөөс хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх талаар баримталж буй бодлоготой уялдуулан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах;

            3.1.2.Сангаас олгох зээлийн болон барьцааны гэрээний загвар, маягтыг батлах;

            3.1.3.Сангаас олгосон зээлийн бүртгэл, хяналт, нэгтгэлийн системийг бүрдүүлэн хөтлөх, холбогдох мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэгтгэхтэй холбоотой дотоод журам батлах;

            3.1.4.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааны үр дүнг үнэлж, энэхүү журмын 7.1-т заасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд сангийн дансыг түр хугацаанд хааж, сангийн хөрөнгийг татан төвлөрүүлэх саналыг төсөв, санхүүгийн болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

            3.1.5.хоршоо, ЖДҮҮЭ иргэдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх,  сангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, энэ журмын 2.7-д заасан санхүүжилтээр сургалт зохион байгуулах сургалт зохион байгуулах;

            3.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

 

3.2.Сангийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг тухайн аймгийн Засаг дарга, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг хариуцсан байгууллага хэрэгжүүлэх бөгөөд Засаг дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

            3.2.1.орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо хөгжүүлэх бодлоготой уялдуулан тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;

            3.2.2.сангийн хөрөнгийн зарцуулалтад байнгын хяналт тавьж, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн шийдвэрлэх;

            3.2.3.сангаас олгосон зээлийн бүртгэл, хяналт, нэгтгэлийн системийг бүрдүүлэн хөтөлж, тайлан, мэдээг хянах, баталгаажуулах, тэдгээрийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

            3.2.4.орон нутагт хоршоо, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон сумын Засаг даргатай хамтран сургалт зохион байгуулах;

            3.2.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

 

3.3.Сангийн үйл ажиллагааны талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

            3.3.1.Сангийн орлого, зарлага болон төсвийг батлах;

            3.3.2.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хороо болон хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг тус тус байгуулах;

            3.3.3.Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн зохих журмын дагуу шийдвэрлэх;

           3.3.4.хууль тогтоомж болон Засгийн газрын бодлого, төсөл хөтөлбөртэй уялдуулан, зээл олгох салбар, чиглэл зэргийг батлах;

            3.3.5.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг;

 

3.4.Сангийн үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

            3.4.1.төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд сумын хоршоо, ЖДҮҮЭ иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах;

            3.4.2.энэ журамд заасны дагуу зээл олгох шийдвэрийг баталгаажуулах;

            3.4.3.энэ журмын 3.4.2-т заасан төслийг хэрэгжүүлэх хуулийн этгээд, иргэнтэй холбогдох хууль, журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, төслийн явц, үр дүнд байнгын хяналт тавих;

            3.4.4.энэ журмын 3.4.3-т заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа барьцаалах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан дүгнэлт гаргуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээний 70 хүртэл хувиар үнэлэх;

            3.4.5.зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх;

            3.4.6.Сангийн орлого, зарлагыг хөтлөх үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг мөрдүүлж, сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;

             3.4.7.Сангаас  олгосон зээлийн тухайн жилийн хүүгийн орлогыг энэ журмын 1.5, 2.7-д заасны дагуу зарцуулах саналаа боловсруулж, жил бүрийн сумын төсөвтэй хамт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;

            3.4.8.Сангийн үйл ажиллагааны үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон энэхүү журмын 3.2-т заасан байгууллагын өмнө хариуцах;

            3.4.9.хоршоодод  үйлдвэрлэл, үйлчилгээ  эрхлэх болон бусад шаардлагатай асуудлаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх саналаа Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлэн, хамтран сургалт зохион байгуулах;

            3.4.10.Сангаас олгосон зээлийн бүртгэл, хяналт, нэгтгэлийн системийг хөтөлж тайлан, мэдээг хянах, баталгаажуулах, тэдгээрийг тогтоосон хугацаанд хүргүүлэх;

            3.4.11.Сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг зээлдэгч төлөхгүй тохиолдолд сумын Засаг дарга уг төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч зээлийн дансанд төвлөрүүлнэ;

            3.4.12.Сумын хоршоо жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Монгол банкны зээлийн мэдээллийн санд илгээх мэдээллийг аймгийн хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэнд илгээж хянуулна;

 

 

ДӨРӨВ. ХОРОО БОЛОН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЭРХ, ҮҮРЭГ

 

4.1.Хороо болон хяналтын зөвлөл тус бүр нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн таван хүний  бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн нарийн бичгийн даргаас бусад гишүүдийг давхардуулан ажиллуулахгүй.

 

4.2.Хорооны даргаар тухайн сумын Засаг даргын Тамгын газрын дарга, гишүүдээр Санхүү, төрийн сангийн төлөөлөл, хоршоо, ЖДҮҮЭ-ийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан хоёр төрийн бус байгууллагын төлөөлөл байх бөгөөд нарийн бичгийн даргаар сумын хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн байна.

 

4.3. Хяналтын зөвлөлийн даргаар  тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, гишүүдээр санхүү, төрийн сангийн мэргэжилтэн, аймгийн хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, төрийн бус байгууллагын төлөөлөл байх бөгөөд нарийн бичгийн даргаар сумын хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн байна. 

 

4.4.Төрийн бус байгууллагыг төлөөлөх хорооны гишүүн дараах шаардлагыг хангасан байна:

 

4.4.1.Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

            4.4.2.сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй;

            4.4.3.хууль тогтоомжид заасан бусад шаардлага.

 

4.5.Хороо болон хяналтын зөвлөл нь хуралдааны зарчмаар шийдвэр гаргах бөгөөд дарга, гишүүд нь тус бүр саналын нэг эрхтэй байна.         

 

4.6.Хорооны 4 болон түүнээс дээш гишүүн оролцсоноор хурал хүчинтэйд тооцогдох ба хурлын явцыг дуу хураагуур, дүрс бичлэгт буулган хадгалж, цаасан хэлбэрээр давхар тэмдэглэл хөтөлж хадгалах ба хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

 

4.7.Хороо нь өөрийн хуралдааны дэгийг батлах бөгөөд хурлын тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

 

4.8.Хорооны төсөл сонгон шалгаруулсан шийдвэр нь тухайн төсвийн жилдээ хүчин төгөлдөр байна.

 

4.9.Хороо болон хяналтын зөвлөл нь дараах үүрэгтэй:

4.9.1.төслийг судлах явцад олж авсан мэдээлэл, баримт бичиг, судалгааны явц, хурлын шийдвэрийн талаар бусдад задруулахгүй байх;

           4.9.2.сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийг хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолд үйлчлэх зорилгоор ашиглахгүй байх;

           4.9.3.төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид журам зөрчиж, давуу байдал бий болгохгүй байх;

           4.9.4.Хороо болон хяналтын зөвлөлийн гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төсөл сонгон шалгаруулах, хяналт тавих үйл ажиллагаанд оролцох бүрт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан мэдэгдлийг гаргах, албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл бүрт албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай хорооны болон хяналтын зөвлөлийн даргад бичгээр мэдэгдэх.

4.10.Хороо нь өөрийн судалсан төсөлд өгсөн үнэлгээг бүрэн хариуцна.
4.11.Энэхүү журмын 4.2, 4.3-т заасан шаардлагыг хангасан төрийн бус байгууллага тухайн аймаг, суманд байхгүй тохиолдолд сумын иргэдийн олонхийн үзэл бодлыг төлөөлөх чадвар бүхий иргэнийг ажиллуулж болно.

 

 

ТАВ. ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

5.1.Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.

 

5.2.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:   

 

5.2.1.төслийн товч агуулга;

           5.2.2.хуулийн этгээдийн нэр;

 

5.2.3.а.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;           

         б.хуулийн этгээдийн албан ёсны хаяг;

                    в.төсөл хэрэгжих байршил.

 

5.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

 

           5.3.1.үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;

           5.3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

           5.3.3.үйлдвэрлэлийн хүчин чадал;

           5.3.4.хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.

 

5.4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

 

           5.4.1.даргын иргэний үнэмлэхийн хуулбар;

5.4.2.бүтэц, орон тоо;

           5.4.3.ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;

           5.4.4.шинээр бий болгох ажлын байрны тоо;

          

5.5.Хоршоо, ЖДҮҮЭ иргэн нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:

 

5.5.1.зээлийн өргөдөл;

5.5.2.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

           5.5.3.хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);

           5.5.4.төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.

           5.5.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, иргэний хувьд иргэний үнэмлэхний хуулбар;

           5.5.6.иргэн, хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

           5.5.7.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

           5.5.8.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

           5.5.9.сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан /иргэний хувьд хамаарахгүй/;

           5.5.10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт иргэний хувьд хамаарахгүй;

           5.5.11.нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт иргэний хувьд хамаарахгүй;

           5.5.12.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

           5.5.13.төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

           5.5.14.тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

        5.5.15.Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.
 

5.6.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ иргэн бүрэн хариуцна.

 

ЗУРГАА. САНГИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН САНАЛ
ХҮЛЭЭН АВАХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ

 

6.1.Хоршоо, ЖДҮЭЭ, иргэн нь Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаарх саналаа тогтоосон хугацаанд энэ журмын 3.3.2-т заасан хороонд хүргүүлнэ.

 

6.2.Хороо нь төслийг онооны нийлбэрээр ихээс  бага руу эрэмбэлэн жагсаалт гаргаж, зээлийн эх үүсвэрт багтаан Хоршооны төслийг тэргүүн ээлжинд санхүүжүүлж, дараагийн ээлжинд санхүүжүүлэх ЖДҮҮЭ, иргэний төслийн жагсаалтыг тус тус батална.

 

6.3.Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх хоршоо, ЖДҮҮЭ нь дараах шаардлагыг хангасан байна:

 

            6.3.1.тухайн суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг байх;

            6.3.2.Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;

            6.3.3.зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;

6.3.4.хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх;

6.3.5.хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх,  ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;

6.3.6.Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх иргэний хувьд журмын 6.3.2-6.3.4-д заасан шаардлагаас гадна тухайн суманд 3-аас доошгүй жил оршин суусан, хувиараа хөдөлмөр эрхлэгч байх.

 

6.4.Энэ журмын 6.3-т заасан шаардлагыг хангасан хоршоо, ЖДҮҮЭ, иргэний боловсруулсан төсөл дараах нийтлэг шалгуурыг хангасан байна:

 

            6.4.1.тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий   болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;

 

            6.4.2.төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;

 

            6.4.3.гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;

            6.4.4.төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;

6.4.5.төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;

            6.4.6.ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;

            6.4.7.хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх;

6.4.8. хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх;

6.4.9. энэ журмын 6.4.7, 6.4.8-д заасан шаардлага нь ЖДҮҮЭ, иргэнд хамаарахгүй.

 

       6.5.Зээл авахаар хүсэлт ирүүлсэн хоршоо, ЖДҮҮЭ иргэн нь бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, түүнийг сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг тухайн сумын иргэдэд ил тод, нээлттэй зохион байгуулна.

 

6.6.Төсөл сонгон шалгаруулах хороо нь энэ журмын 6.3, 6.4-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, 6.4-т заасан шалгуураар хорооны гишүүн тус бүр оноогоор дүгнэн, дундаж оноогоор эрэмбэлэн жагсаалт батална. Энэхүү шийдвэрээ ажлын 3 хоногийн дотор тухайн сумын Засаг даргад хүргүүлнэ.

 

6.7.Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрийг тухайн сумын Засаг дарга хүлээн авч баталгаажуулан, эрэмбэлсэн жагсаалтын дагуу санхүүжүүлнэ.

 

6.8.Сумын Засаг дарга төсөл хэрэгжүүлэгч ЖДҮҮЭ, иргэнтэй хоршоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулна. Гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор зээлийн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээд, иргэний дансанд шилжүүлнэ.

 

6.9.Хуулийн этгээд иргэн нь авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө.

 

6.10.Сумын Засаг дарга зээлдэгчийн талаарх дараах баримт бичгийг эх хувиар нь баримтжуулан хадгална:

 

            6.10.1.зээлдэгчийн анкет;

            6.10.2.зээл олгохыг хүссэн өргөдөл;

            6.10.3.оршин суугаа газрын тодорхойлолт;

            6.10.4.төслийн баримт бичиг;

            6.10.5.энэ журмын 3.3.2-т заасан хорооны хурлын тэмдэглэл;

            6.10.6.зээлийн болон барьцааны гэрээ;

6.10.7.барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээний эх хувь болон барьцаа хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж барьцаалбар үйлдсэн тухай баримтыг хавсаргана;

            6.10.8.зээлийн эргэн төлөлтийн хуваарь;

            6.10.9.энэ журмын 6.3, 6.4-т заасан шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулсан баримт бичиг;

            6.10.10.Хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, үйл ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөө.

6.11.Сумын Засаг дарга энэ журмын 6.10-д зааснаас гадна төслийн  хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх бусад мэдээллийг тухай бүр баримтжуулан хадгалж, цахим архив үүсгэнэ.

 

ДОЛОО. САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ ТАВИХ

 

7.1.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааны үр дүнг дараах зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.

 

Шалгуур үзүүлэлт

Зохистой харьцаа /жилээр/

1

Зээлийн эргэн төлөлт

Нийт хөрөнгийн 30-аас доошгүй хувийг бүрдүүлсэн байх

2

Чанаргүй зээлийн хэмжээ

Нийт хөрөнгийн 10 хувиас бага байх

3

Хяналт тавих үйл ажиллагаа

Жилд 2-оос доошгүй удаа

4

Олон нийтэд тайлагнасан байх

Жилд 1-ээс дээш

5

Тайлан, мэдээ

Улирал бүр

6

Ажлын байр нэмэгдүүлсэн байх

10-аас дээш хувь тогтоох

 

7.2.Сангийн үйл ажиллагаа нийтэд ил тод, нээлттэй байна. Сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналтын зөвлөл хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэж болно.

 

7.3.Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгах бөгөөд хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн гэрээнд заасан заалтыг зөрчсөн зээлдэгчийн зээлийн гэрээг цуцалж, зээлийг Сангийн дансанд буцаан төвлөрүүлэх  ажиллагааг зохион байгуулна.

 

7.4.Хяналтын зөвлөл сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавихдаа дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

            7.4.1.зээл авсан аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааны үр дүнгийн тайлан, санхүүгийн  буюу мөнгөн гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн тайлан, дансны мэдээллийг гаргуулан авах;

7.4.2.сангийн үйл ажиллагаанд улирал бүр хяналт шалгалт хийж, дүнг тухайн сумын нийт иргэдэд мэдээлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлнэ;

            7.4.3.аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагын хамт жилд нэгээс доошгүй удаа сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүнг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухай бүр хүргүүлэх.

 

7.5.Сумын Засаг дарга сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг улирал болон жилээр гаргаж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тухайн аймгийн Засаг даргад хүргүүлнэ.

 

7.6.Аймгийн Засаг дарга энэ журмын 7.5-т заасан сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн улирлын болон жилийн тайланг нэгтгэн, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

7.7.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 7.6-д заасан тайланг нэгтгэн, мөн журмын 7.9-д заасан аудитын дүгнэлтийн хамт тухайн жилийн I улиралд багтаан Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

7.8.Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан байгууллага сангийн үйл ажиллагаа, орлого, зарлагын гүйцэтгэлд жил бүр хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлнэ.

 

7.9. Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан байгууллага энэ журмын 7.8-д заасан аудитын дүгнэлтийг аймгийн хэмжээнд нэгтгэн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн жилийн 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

 

7.10.Сангийн зээлдэгч нь төслийг зориулалтын дагуу хэрэгжүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний үүргийн дагуу төлж, төслийн талаархи тайланг жилд нэг удаа сумын иргэд, олон нийтэд тайлагнана.

 

7.11.Хоршоо ЖДҮҮЭ, иргэн нь сумын иргэдийн хоршиж хөдөлмөрлөх идэвх санаачлагыг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, ажлын байрыг тогтвортой хадгалах, эрүүл, аюулгүй хүнс, үйлчилгээгээр хангах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх, орон нутгийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үүрэг хүлээнэ.

 

НАЙМ. ИЛ ТОД БАЙДАЛ

 

8.1.Төсөл сонгон шалгаруулалтад шалгараагүй төслүүдийн баримт бичгийг үндэслэл, тайлбарын хамт төсөл ирүүлэгчид буцаана.

 

8.2.Хорооны хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгарсан хоршоо, ЖДҮҮЭ, иргэний мэдээллийг аймаг, сумын Засаг дарга цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ. Төсөл ирүүлэгчийн хүсэлтийн дагуу албан бичгээр хариуг өгнө.

 

8.3.Зээл авсан хуулийн этгээд, иргэний нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу байгууллагын шилэн данс, цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.

 

 

ЕС. ЗЭЭЛДЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН САН

 

9.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зээл авсан аж ахуйн нэгжийн холбогдох мэдээллийг агуулсан Зээлийн мэдээллийн нэгдсэн санг хөтөлнө.

 

9.2.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зээлийн ангиллыг тогтоохдоо Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг баримтална.

 

9.3.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд тогтмол нийлүүлнэ.

 

АРАВ. ЗЭЭЛИЙГ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

10.1.Хяналтын зөвлөл нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү, алдангийг тухай бүр төлүүлж буйд хяналт тавина.

 

10.2.Эргэн төлөлтийн хуваарь нь нийт төлбөр тэнцүү тооцох аргачлалаар үндсэн зээл болон хүүгийн нийт төлбөрийн дүн сар бүр тэнцүү дүнтэй байна.

 

10.3.Зээл төлөх төлбөр нь тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар хасаж тооцно.

 

10.4.Зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хугацааны дотор эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд  жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь чанаргүй активын ангилалд оруулж, Монгол банкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчийн ангилалд бүртгэнэ.

 

10.5.Зээлдэгчийн гэрээнд эрсдэл үүссэн тохиолдолд зээлийн хөрөнгийг эргүүлэн татах ажиллагааг сумын Засаг дарга болон хяналтын зөвлөл хариуцан зохион байгуулна. Энэхүү зохицуулалтыг зээлийн гэрээгээр нарийвчлан зохицуулна.

 

АРВАН НЭГ. ХАРИУЦЛАГА

 

11.1.Сангаас зээл авсан этгээд зээлийг үр ашиггүй зарцуулсан буюу зориулалтын дагуу зарцуулаагүй, зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн этгээдэд олгосон хөнгөлөлттэй зээлийг буцаан төвлөрүүлэх бөгөөд сангаас дахин зээл олгохгүй.

 

11.2.Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, энэ журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон бол тухайн сумын Засаг дарга болон холбогдох бусад албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж сангийн хохирлыг барагдуулна.

 

11.3.Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээд санд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан барагдуулна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ